Франсуа-Мари Арүэ буюу утга зохиолын түүхэнд Вольтер нэрээр алдаршсан Францын гүн ухаантан, эрдэмтэн, улс төрч тэрээр тухайн үеийнхээ уран зохиолын бүхий л төрөл зүйлээр бичиж байв. Түүний зохиолууд хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл амьдралын гэрэл гэгээг магтан дуулахын хамт тухайн үеийн бурангуй нийгмийн сүүдэр толбо, шашны хор холбогдолыг илчлэн шоглон шүүмжлэж байв. “Задиг буюу хувь тавилан”, “Кандид буюу өөдрөг санаа”, “Жамаараа яваа ертөнц” хэмээх гүн ухааны туужуудыг нь түүний үргэлжилгэн үгийн зохиолын сор дээж гэж соёлт хүн төрлөхтөн үнэлдэг бөгөөд дэлхийн олон хэлээр аль хэдийнэ гарчээ.